Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болох сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулахад ОНУХ тогтолцоог бий болгох санаачилгыг Глобаль сангаас гаргасан ба тус сан нь 2003 оноос хойш Монгол Улсын сүрьеэгийн оношилгоо, эмчилгээ, тоног төхөөрөмжийн шинэчлэлд тасралтгүй дэмжлэг үзүүлж ирсэн юм.
Олон нийтийн хяналтын энэхүү тогтолцоо нь өвчинд өртсөн иргэдийн дуу хоолойг бодлого боловсруулалт, үйлчилгээний түвшинд хүргэх чухал механизм болон хэрэгжиж байгаа ба уг тогтолцоог туршилтаар хэрэгжүүлж буй 4 газрын үйл ажиллагаатай танилцах, сайн туршлага харилцан солилцох, түгээн дэлгэрүүлэх, тулгамдсан асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдөх уулзалт, талбарын танилцах аялал зохион байгуулагдлаа.
Тус уулзалтад Дархан-уул, Хэнтий аймгууд, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн ОНУХ салбар зөвлөл, ХӨСҮТ, диспансерын эмч, сувилагч, хамтрагч байгууллагуудын төлөөллүүд оролцсон бөгөөд Олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцооны үр дүнтэй танилцан цаашдын хамтын ажиллагаа, бүтээлч санаачилгуудыг хэлэлцлээ. Уулзалтад оролцогчдын ихэнх нь аяллын зохион байгуулалт, хөтөлбөрийн агуулга, сургалт, танилцуулга, талбар дээрх үйл ажиллагаанд өндөр үнэлгээ өгсөн ба салбар хоорондын уялдаа, удирдлагын манлайлал, хамтын ажиллагааны ач холбогдол, сүрьеэгийн эмчилгээ үйлчилгээний байр, тоног төхөөрөмж, лабораторийн үйл ажиллагаа, сорьц хүлээн авах урсгал зэрэг жишиг зохион байгуулалтыг онцолжээ.
Цаашид сүрьеэгийн өдрийн эмчилгээг хоолтой уялдуулах, эмийн шүүгээ, стандартын зохион байгуулалт, сэтгэл зүйн зөвлөгөөний өрөө, талархлын самбар, салбар зөвлөлийн хурлыг тогтмол хийн үр дүнг холбогдох байгууллагад хүргэх зэргээр туршлагад тулгуурласан шинэ санаа, санаачилгуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ба “Сүрьеэг устгах нь дан ганц эрүүл мэндийн байгууллагын ажил биш, орон нутаг, иргэд, иргэний нийгэм, олон нийт хамтдаа оролцох хэрэгтэй” гэсэн саналыг дэвшүүлсэн бөгөөд үүнд ОНУХ тогтолцооны үр нөлөө өндөр байгааг илэрхийлсэн байна.

Энэхүү уулзалт, аялал нь сүрьеэгийн эсрэг олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх чухал алхам боллоо. ОНУХ тогтолцооны хэрэгжилт нь иргэдийн дуу хоолойг бодлого, үйлчилгээний түвшинд хүргэх үр нөлөөтэй механизм болохыг дахин нотлов. #CLM #CommunityLedMonitoring #ОНУХ #ОлонНийтээрУдирдуулсанХяналт #EndTB2030


© 2026 он. Эрүүл Мэнд Нийгмийн Бодлогын Хүрээлэн. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency